Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиадад PTI хөтөлбөрийн оюутнууд маань анх удаа хүч сорьж, нийт багийн дүнгээр 5-р байр буюу Тусгай байрын шагналыг хүртлээ.
Төгсөх курсийн оюутнуудын дунд мэргэжлийн өндөр шалгуур, босго тогтоодог тус олимпиадад манай хөтөлбөрийн дөнгөж I болон II курсийн оюутнууд оролцсон гэдгээрээ онцлог юм. Тэд өөрсдөөсөө ахисан түвшний оролцогчидтой мэдлэг, аналитик сэтгэлгээ, практик ур чадвараараа эн тэнцүү өрсөлдөж ийнхүү шалгарсан нь манай сургалтын хөтөлбөрийн чанар, үнэ цэнийг бодитоор батлан харуулсан бахархам үйл явдал боллоо.
Энэхүү тэмцээн нь оюутнуудад танхимаар олж авсан мэдлэгээ улсын хэмжээнд сорих, ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох гараагаа итгэл төгс эхлүүлэх том боломжийг олгосон юм.
Мэргэжлийн салбартаа чанараар түүчээлж, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөсөн нийт оюутнууддаа болон тэднийг чиглүүлж, богино хугацаанд өндөр түвшинд бэлтгэсэн удирдагч багш нартаа халуун талархал илэрхийлж, цаашдын мэргэжлийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Эрдмийн их үйлс нь дардан байх болтугай.
